Япон ханз сурах зөвлөгөө ба ханзыг ойлгох тухайд /Нийтлэл 01/

E.L
9 min readFeb 16, 2020

--

Би сониуч хүн. Аливаа ажлын утгыг ухаж ойлгохгүйгээр өөртөө хэвшүүлэх гэж үзэх нь бүтэшгүй асуудал мэт санагддаг. Тиймээс юун түрүүнд өөрийнхөө мэдэхгүй буй зүйлсийн талаар тодорхой асуултууд гаргаж, түүнийхээ хариултыг олох гэж хичээх нь ямар ч ажлыг нугалахад тустай хамгийн чухал эхний алхам болно. Энэ хүрээнд бол ажлыг “ханз үсэг сурах” гэх нөхцлөөр хүлээн авч, үүний дагуу дүн шинжилгээ хийн, яавал ханзыг зөв, цэгцтэй, хурдан сурах боломжтой тухайд эргэцүүлье.

Анх япон хэл сурах явцдаа ханз үсгийн тухайд хоёр асуултыг өөртөө тавив. Нэгдүгээрт, ханзны цаад утга гэж байна уу? Үүнд улбаалан ханз үүсэх зүй тогтол гэж байна уу? гэж асууж үзээд, хоёрдугаарт, яагаад заавал ихэнх хүмүүст сурахад бэрх байж болох үсгийг ашигласаар байх ёстой вэ? гэдэг асуултыг өөртөө тавьж хариултуудыг нь олохыг хичээсээр дараах үр дүнд хүрсэн юм.

Юун түрүүнд нэгдүгээр асуултын утгыг улам дэлгэрэнгүйгээр авч үзье. Би “Ханзны цаад утга юу вэ” гэсэн асуултаараа ханз үсгийн илэрхийлж буй утга гэсэн агуулгаар бус ханз анх яаж үүссэн байж болох вэ, өөрөөр хэлбэл хэрхэн уг “ханз үсэг” гэх ч зүйл үүсэн бий болж ус, далай, нар, сар гэх мэт буман үгсийн санг бий болгосон байх вэ? Гэсэн цар хүрээний дагуу тавьсан асуулт юм. Үүгээрээ ханз үүсгэх зүй тогтол байсан уу гэж эргэцүүлэх болов.

Ханз үсэг үүссэн түүхийг эргүүлж сөхвөөс эртний Хятадад, Египет ба Вавилоны үеийн дүрс бичигтэй эн зэрэгцэн буюу манай эриний өмнөх 1000-р оны үеэр яст мэлхий зэрэг амьтны хуяг, ясан дээр нүдэнд харагдах байгал, ан амьтад зэрэг биет зүйлсийг дүрсжүүлэн сийлснээс эхэлсэн гэж үздэг байна. Тэгвэл дүрс бичиг шиг үүссэн хэрнээ яагаад өнөө үед тэр гэж хэлэхийн аргагүй хэлбэрт шилжсэнийг асуувал, ханз үсэг нь нийтдээ долоон үеийг дамжин өнөөгийн төрхөө олж авчээ. Нөгөөтэйгүүр ханз үсэг өнөөгийн төрхөө олж авсан явдал нь бидний гол ярих ёстой ханз үүсэх зүй тогтолтой ч холбоо юм.

Манай эриний хоёрдугаар зуунд эртний Хятадын хэл судлаач болох Сюи Шэнь нь “Бичиг үсгийн тайлал(説文解字)” гэх номоо гарган, ханз үсэг үүсгэх зургаан зарчимын талаар тайлбарлан бичсэн байна. Тэгвэл, миний зүгээс үзвэл, уг зургаан зарчимын эхний гурав нь буюу дүрсжүүлэх үсэг, утга дүйцүүлэх үсэг, утга хоршуулах үсэг нь ханз үсгийг ойлгоход хамгийн гол тулгуур зарчимууд болно. Иймд уг гурван зарчимын талаар илүү дэлгэрэнгүй авч үзэцгээе.

1. Дүрсжүүлэх үсэг (象形文字)

Анх бичиг үсэг яаж үүссэнийг бодолцож үзвээс, хүн харж буй зүйлээ шууд дүрсжүүлэн буулгаснаас эхлэлтэйг таамаглаж болох юм. Үүний нэгэн адилаар ханзны анхдагч зарчим нь нүдэнд харагдах биет зүйлсийг дүрсжүүлэн буулгахаас эхтэй ажээ. Дүрсжүүлэх үсгийн жишээнүүд гэвэл нар 、сар 、гол 、мод 、уул зэрэг ханзнууд багтана.

2. Утга дүйцүүлэх үсэг (指事文字)

Гэтэл дүрс үсгийн бэрхшээлтэй тал нь нүдэнд үл үзэгдэх хийсвэр зүйлс, үзэл санааг хэрхэн буулгах вэ гэсэн асуудалд байна. Үүнд гарц олохын тулд цэг, зураас ашиглан хийсвэр зүйлсийг дүрсжүүлэн буулгах “утга дүйцүүлэх үсэг”-ийн аргыг зохиожээ. Жишээлэхэд нэг 、хоёр 、 гурав ба дээр 、доор гэх ханзнууд уг аргаар бүтсэн аж.

3. Утга хоршуулах үсэг (会意文字)

Дүрсжүүлэх ба утга дүйцүүлэх үсгийг зохиосноороо хүмүүс маш олон үсэг бүтээж чадсан нь гарцаагүй. Гэхдээ хэлэх гэсэн зүйл болгондоо шинэ ханз үсэг зохиох ёстой гэж үү? Би ханз үсэг зохиогчдыг уг асуултанд хариулт олохын тулд “утга хоршуулах үсэг”-ийг зохиосон болов уу гэж таамаглана. “Утга хоршуулах үсэг” гэдэг нь хоёр ханзны утгыг харгалзан үзээд нийлүүлэн нэг үг бүтээхийг хэлнэ. Жишээлэхэд мод гэх ханзыг гурван удаа давхарлаж бичээд ой мод гэх утгагтай ханзыг үүсгэжээ. Мөн нар , сар гэх ханзыг нийлүүлэн гэрэл гэгээ гэх ханзыг бүтээсэн гэж үзэж болно.

Ийнхүү бид ханз хэзээ,хаана,яаж үүсэн бий болсон талаар товчхон хариултыг олж аван, ханз үүсгэхэд зүй тогтол буйг ч мэдэж авлаа. Тэгвэл одоо ханз үсгийг хэрхэн хурдан, зөв цэгцтэй цээжлэж болох талаар эргэцүүлцгээе.

Сюи Шэнь ханз үсэг гурван хэсгээс бүрдэнэ гэж хэлжээ — Утга, Дүрс, Дуудлага

Уг гурван хэсгийг ашиглан би дараах ханз сурах эрэмбийг тодорхойлов.

1. Ханзны утгыг мэд

2. Ханз ямар дүрснээс яаж үүссэн болохыг бодож үз.

3. Дуудлагыг сур

1. Ханзны утгыг мэдэх

Та ханз үсгээр зурсан уран зургуудын утгыг ойлгох гэж байна гэж бодвол ямар вэ ? Жишээлвэл “цэцэг” гэдэг утгыг илэрхийлэхийн тулд гэж зуржээ. Та гэх уг ханзыг дараа хаана ч харсан цэцэг гэсэн утгатай уран зураг байна гэж мэдэхэд л хангалттай. Үүн шиг та ямар ч ханзнуудын утгыг мэдэж аваад, уран зураг адил сайтар харж үзэн, тогтоох хэрэгтэй. Энэ бол ханз сурах эхний алхам юм.

2.1 Ханз ямар дүрснээс яаж үүссэн болохыг олж мэдэх

Дараагаар нь бид уран зургийг ямар өнгө, ямар зурах арга барилыг ашигласныг бодож үздэг шиг ханз дээр ч мөн ялгаагүй ямар зурлага, ямар дүрс ашигласныг бодож үзэх хэрэгтэй болно.

Япон ханзны хувьд ханз үүсгэх ханз буюу түлхүүр зурлага(утга дүйцүүлэх үсэгт өргөн ашиглагддаг) нийт 214 ширхэг байдаг. Ихэнх ханз уг 214 ширхэг түлхүүр зурлаганаас Сюи Шэний хэлсэн зургаан зарчимын дагуу бүтнэ. гэх ханз өвс гэсэн утгатай уг түлхүүр зурлага ба өөрчлөлт гэсэн утгатай ханзнаас бүтэх буюу “өөрчлөгдсөн өвс”-ийг “цэцэг” гэж дүрсэлж буй гэх гаргалгааг хийж болох юм. Үсэг гэсэн ханзны хувьд “дээвэр, гэр” гэх утгыг илэрхийлэх түлхүүр ханзны дор “үр удам, хүүхэд” гэсэн ханз зурснаар бүтсэн ба айл гэрийн удам угсаа үр хүүхдээр нь улам өргөжин тэлж, өнөр олуулаа болдог гэсэн утгатай адилаар үсгээс үсэг бүтэн явахыг нь ерөөн ийнхүү үүссэн түүхтэй аж. Том гэсэн ханз харин маш энгийнээр хүн хоёр гар, хоёр хөлөө дэлгэн зогссон илэрхийлэмж юм. Энэ мэтчлэн бид ханзны утгыг мэдсэнийхээ дараагаар дүрсийг нь задлан судлаж ой тогтоолтондоо улам гүн үлдээж болох ажээ. Мөн бид бүгд хэл судлаач, түүхч байх албагүй учир өөрөө өөрийнхөөрөө сэтгэн бодож, төсөөлөн эрэгцүүлэх нь хэл сурж буй хүмүүсийн эдлэх ёстой эрх билээ. Жишээлэхэд дуу авиа гэсэн ханз нь босож зогсох гэсэн утгатай ханз ба түүний дор зурсан нарыг илэрхийлэх ханзны нэгдлээр бүтэж буй учир шалтгааныг олж мэдэх хүндрэлтэй тул өөрөө өөрийнхөөрөө төсөөлөн бодоход л хангалттай. Миний хувьд наран дээр гарч зогсоод дуу авиаг чагнана гэсэн хийсвэр зүйрлэлийг бодож олоод уг ханзыг цээжилж байсан удаатай юм. Ийнхүү ханзны утгыг нэг, нэгээр нь олж мэдэн, бүтсэн зүй тогтлыг нь эрэгцүүлснээр ханзыг илүү зугаатай сурж болно.

2.2 Түлхүүр зурлагатай холбогдох нэмэлт мэдээлэл.

Түлхүүр зурлагатай холбоотойгоор хамгийн чухал мэдэж авах ёстой зүйл нь, зарим зурлагийн хувьд зөвхөн ганц л сэдвийн хүрээнд утга илэрхийлэх үсэг бүтээдэгт оршино. Үүнийг жишээгээр дэлгэрэнгүй тайлбарлая.

Бид монгол хэлнээ хавирган сар гэсэн зүйрлэлийг ихэд ашигладаг. Тэгвэл сар гэсэн утгатай 月ханз нь түлхүүр зурлаг болохдоо “хавирга, мах, эд эрхтэн” гэсэн утгыг илэрхийлдэг аж. Ингээд өөр ханзтай нийлэн утга дүйцүүлэх болоход хүний эд эрхтэнг тодорхойлох үгнүүд болдог байна.

Энэ мэтчилэн гал 火、ус 水、бороо 雨 зэрэг байгалийн юмс үзэгдлийг илэрхийлэх ханзнууд нь гамшиг 災害、шатаах 燃、утаа 煙 зэрэг ихэвчлэн тухайн махбодьтойгоо холбоотой үгнүүдийг л үүсгэдэг. Тиймээс түлхүүр зурлагын зүй тогтол, утгыг ойлговол ханз сурахад илүү хялбар болно.

3. Дуудлагыг сурах

Эцэст нь бид ханзыг шамдан судлах жинхэнэ үйл хэрэг рүүгээ орохгүй бол болохгүй. Бид нэгэнтээ ханзны утга ба түүнийг яаж бүтээж байгааг олж мэдсэн тул одоо харин уншиж сурах хэрэгтэй юм. Япон ханзанд Он(Япон хэлнээ дуудлага гэсэн утгатай ханз 音) ба Күн(Тайлбар гэсэн утгыг илэрхийлэх ханз 訓) дуудлага гэсэн хоёр дуудлага байна. Он дуудлага нь бусад ханзтай нийлэн үг үүсгэн уншигдахад ашиглагдана. Харин Күн дуудлагыг нь ханзны утга гэж ойлгож болно. Тиймээс тухайн ханзны утгыг мэдэхийн тулд Күн дуудлагыг нь харах хэрэгтэй.

Жишээлэхэд уул 山 гэсэн утгатай ханзны Күн дуудлага нь “яама”, бусад ханзтай нийлэхэд уншигдах дуудлага нь буюу Он дуудлага нь “сан” юм. Бусад ханзтай нийлэхэд уншигдах дуудлага гэдгийг жишээгээр дэлгэрүүлэн тайлбарлавал “Фүжи” 富士 гэх нэр үгийг илэрхийлэх хоёр ханзтай, “яама” буюу уул 山 гэх ханз нийлэх үед “Фүжисан” 富士山 буюу Фүжи уул гэх нэр үгийг үүсгэнэ. Гэтэл аливаа зүйлд гажууд явдал гэж үргэлж тохиож байдгийн адилаар ханз үсгийн дуудлагад ч дүрмийн бус тохиолдлууд олонтой. Он дуудлагыг үл харгалзан огт өөрөөр уншигдах үгс гэж байна. Жишээлэхэд оноосон нэрнүүд ихэнх тохиолдолд дүрмээс гажууд уншигдана.

Мөн Күн дуудлагагүй ханз ч гэж бий гэдэг талаар дурьдахгүй өнгөрч болохгүй. Ийм ханзнуудад өөрсдийн анхдагч утга гэж байх ба дангаараа үл ашиглагдан, бусад ханзтай нийлж байж үг үүсгэдэг. Жишээлэхэдгэх уг ханз нь Күн дуудлагагүй ч “татвар” гэх утгыг илэрхийлэх ба бусад ханзтай нийлсэн тохиолдолд татвартай холбоотой утгатай үг үүсгэдэг аж. Үүн шиг Күн дуудлагагүй ханзнуудын утгыг сурах бичигт тусад нь бичсэн байдаг ч, огт бичигдээгүй тохиолдолд толь бичгээс Он дуудлагаар нь хайж олоод утгыг нь мэдэх боломжтой.

Ийнхүү бид ханзны гурван хэсгийг дэс дараагаар нь сурснаар япон хэлэнд гаргууд болох эхний алхамаа хийлээ гэсэн үг. Гэхдээ мэдээж хүн болгоны сурах арга барил адилгүй тул та өөрийнхөө дэс дарааг ч зохиож болно. Удаа дараагаар нь үгийн тэмдэглэл хөтөлж, олон мөр бичиж, дуу, мэдээ сонсож, ном сонин унших гэж оролдохгүй бол тогтоогдоход мөн л хүндрэлтэй билээ.

Гэтэл энэ бүгдийг сурж мэдсэн ч ханз гэдэг дэндүү бэрхшээлтэй үсэг биш үү гэсэн асуулт тавьж болох юм. Нийтлэлийн эхэнд дурьдсанчлан уг асуултыг би өөртөө ч тавьж үзсэн нь бишгүй их. Гэхдээ эцэст нь өөрөө өөрийнхөө асуултанд нэгэн хариултыг олсныг дор дуръдая.

Нэгдүгээрт, бичиг үсэг бол соёл. Өөрсдийн соёлоо хамгаалж үлдэх нь тухайн улсын хэр удаан оршин тогтнохын үндэс ч болно. Мөн бичиг үсгээр дамжуулан ард олныхоо сэтгэхүйг тэгшитгэн залж, нэг дэг журманд оруулах боломж ч бий. Дээрээс нь бусдаас өөр бичиг үсэгтэй байснаар өөрсдийн гэсэн онцгой байдлыг бий болгон, бас нэгэн бахархлыг ч үүсгэх чадалтай. Соёлыг тодорхойлох нэгэн хүчин зүйл нь ч өөрөө давтагдашгүй байх явдал.

Хоёрдугаарт, хэл ба бичиг үсэг болгонд давуу тал гэж бий. Ханзны давуу тал бол шинэ үг үүсгэхэд хамгийн хялбар байдалд байна. Бусад хэлэнд нэгээс дээш үгээр илэрхийлэгдэх үгсийг бол ханз ашиглан ганц үг болгох тохиолдол маш олон. Зөвхөн тэр үгний утгат харгалзах ханзнуудыг холбоод Он дуудлагаар нь уншихад л шинэ үг үүснэ. Жишээлвэл дээр ба доор гэдэг ихэнх хэлнээ хоёр тусдаа үг ч, ханзанд бол дээр , доор гэх утгатай үсгийг нийлүүлээд “дээр ба доор” гэсэн утгатай Жёогэ гэж уншигдах 上下 үгийг бүтээж болох аж. Энэ мэтчлэн утга дүйцүүлж ханзыг холбож бичих аргаар олон, олон шинэ үгийг бичих боломжтой.

Гуравдугаарт, ханз бол дуудлага авианы онцлогтоо тааруулсан бичиг үсэг гэж хэлж болно. Япон хэлнээ нэг дуудлагатай атлаа хоёроос дээш утгатай үг маш олон. Тиймээс тэднийг ялган бичихийн тулд ханз үсэг ихэд хэрэг болдог. 日本語大辞典 буюу “Япон хэлний их толь бичиг”-ийг сөхөөд “Коүкоү” гэх дуудлагатай үг хайвал нийтдээ хорь гаруй янзын утга илэрхийлэх аж. Үүнээс түгээмэл хэрэглэгдэх үгсийг нь жишээ болгон дурьдвал ахлах сургууль 高校、 боомтод нэвтрэх хаалга 港口、 усан онгоц жолоодлого 航行 зэрэг үгс юм. Ийм атал латин үсгээр уг үгнүүдийг илэрхийлнэ гэвээс утгыг нь ойлгоход улам ээдрээтэй болно. “Би koukou рүү явлаа” гэсэн өгүүлбэр байлаа гэж бодоход боомт руу юу, ахлах сургууль руу юу гэдгийг яаж мэдэх вэ? Энэ мэтчлэн дуудлага, үгийн утгаа харгалзан ханз үсэг үүсэн хөгжсөн нь ойлгомжтой юм.

Ийнхүү миний хувьд ханз үсэг ашигласан хэвээр байх ёстой нь дээрх гурван онцгойлсон шалтгаанаас улбаатай билээ. Бичиг үсэг болгонд өөрсдийн гэсэн давуу ба сул тал байдгийн нэгэн адилаар ханз үсэг ч ялгаагүй юм. Бид эдгээр зүйлийг л эрэгцүүлэн бодож ханз үсгийг уран зураг адил тунгаан сурваас туйлын амар байх буюу.

Эцэст нь гэхэд хөшүүн зүйрлэл байж болох ч, “Хүн утгагүй амьдралыг тэвчиж чадахгүй” гэж Карл Юнгийн хэлсэнчлэн утгын мэдэхгүй үсгээ хэдэн мянган мөр бичихийг хүн гэдэг амьтан тэсвэрлэж чадахгүй буй зээ.

Ашигласан бүтээлүүд

加藤道理、1999、字源物語、明治書院.

阿辻哲次、2005、知っておきたい漢字の知識、柳原出版.

S.Wells.Williams “The Middle Kingdom”

Нэмэлт зөвлөгөө.

Юун түрүүнд МУИС-ийн төв номын сангийн хойно байрлах Монгол Япон төвийн номын санг зорьно уу. Тэндээс япон хэл сурахад хэрэгтэй БҮХ материалыг олох боломжтой.

Ханзны тухайд илүү ойлгомоор байвал С.Дэмбэрэл-ийн “Ханзны толь бичиг”, James Heisig “Remembering the kanji”-ыг эхний ээлжинд шалгаж үзэхийг зөвлөж байна. Түлхүүр зурлагуудын утгын жагсаалтыг нэн яаралтай мэдэхийг хүсвэл цахимаас “kanji radicals” гэж хайвал илэрцүүд гарч ирэх болно.

Япон хэл анхлан суралцагчдад хамгийн тохиромжтой ном бол “Минна но Нихонго”.

Япон хэлний түвшин тогтоох шалгалтуудад бэлдэж буй бол “Sou Matome” “Shin kanzen master” “Power drill” зэрэг номууд сайн.

N2, N1 зэргийг горилж буй бол EJU буюу гадаад оюутнуудад зориулсан Япон их дээд сургуульд элсэн орох шалгалтын япон хэлний тестүүдийг ажиллавал уншлага болоод мэдлэгийн түвшин сайжирна.

Сонсголоо сайжруулмаар бол Монгол Япон төвд үзэж болох NHK-ын баримтат кинонуудыг сонирхоно уу.

NHK news -ын подкастын сонсоно уу. Мөн NHK easy news web- ийн мэдээг уншиж япон хэлээ сайжруулах боломжтой. Хамгийн хялбар үгсээр мэдээгээ бэлтгэсэн байдаг.

Эцэст нь, хэл сурахад хамгийн чухал зүйл бол өдөр хэзээ ч алгасахгүйгээр, богино байсан ч хамаагүй бэлдсээр байх явдал юм.

Бичсэн: Э.Лувсанцэрэн

/Цүкүба Их сургуулийн харицуулсан соёл судлалын салбарын оюутан./

--

--

E.L
E.L

Written by E.L

Эсээ, Орчуулга, Нийтлэл

Responses (1)